Уур, бухимдалгүй хүн гэж хаа ч алга. Хүн бүхэн уурлаж бухимдаж чадна. Хүний мууг олъё гэвэл та хаанаас нь ч олж болно.
Нийгэмдээ бухимдаад, шүүмжиллээ гээд нийгэм чинь сайжрахгүй. Хятадуудыг үзэн ядаж муу санааллаа гээд Хятад улс алга болохгүй.
Улс төрчдийн муу муухайг дуудлаа гээд улс орон чинь хөгжихгүй.
Ар гэрийнхэндээ санаа зовж гутарлаа гээд тэдний амьдрал сайжраад явчихгүй. Та ч харанхуй, таны амьдрал ч харанхуй. Итгэл найдвар гэж ч үгүй.
Танд гутарч бухимдая гэвэл мянган шалтгаан бий.
Гутрал бухимдалаас гаръя гэвэл бас мянган шалтгаан бий.
Таныг бухимдалд хүргэж байдаг мянган шалтгаан бий. Бүх юм л таныг гутармаар бухимдмаар байдалд оруулдаг. Бүх юмс л таныг зовоож, таныг айлгаж байгаа би тэрийг чинь ч бас сайн ойлгож байна. Гэхдээ та нэг зүйлийг мартаад байна. Бухимдах түмэн шалтаг танд байгаа ч…
Та бол гайхалтай.
Гэхдээ таны гайхалтай шинж чанар, авъяас билэг гуниглах үед чинь асдаггүй. Таны хийж чаддаг бүхэн бухимдах үед чинь ор хоосон зүйл болж агаарт замхардаг.
Таны гайхалтай тэр ур чадваруудыг хөгжүүлэх үеэс л та өөрөө асаж гялалзаж чадна. Тэр үед бүх юмс бага багаар өөрчлөгдөж эхэлнэ.
Нийгэм чинь гэрэлтэнэ. Таны гэр бүл аав ээж, хань, үр хүүхэд, чамайг сайн явж байвал илүү баярлана, бахархана.
Эх орондоо хайртай гэж өөрийгөө ярьдаг л бол өөрийнхөө амьдралаар, сайхан амьдраад батлаад өг. Та эхлээд өөрөө сайхан амьдраад амьдралаараа бусдийг гэрэлтүүл. Өнгөлзөж ийш тийшээ харалгүйгээр, өрсөлдөж мэтгэлцэлгүйгээр, өөрийнхөө гэрлийг л асаа.
Тэр л таны хорвоод төрсөнийхөө төлөө хийж буй бэлэг. Магадгүй таны гэрэл байхгүй учраас хорвоо харанхуй байгаа ч юм билүү? Магадгүй таныг тэд хүлээгээд байгаа ч юм билүү? Бухимдах гутралаас гарах түмэн шалтаг танд бий…
Бухимдах уу? эсвэл Гэрэлтэх үү? Энэ бол таны дотор өрнөж буй #БэрхшээлбаБоломж