Омог бардам зан танд яаж гай болдог вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Омог бардам зан танд яаж гай болдог вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Бардам зан хүнд хэрэгтэй ч, хааяа гай болох нь бий. Гай болох болохдоо таны хамгийн нандин чухалчилдаг хүмүүсийг чинь ч холдуулахыг та мэдээгүй байж магад. Тэгвэл энэ нийтлэлийг уншихаас бүү цааргалаарай.

Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн их хагарал үүсгэж байгаа, хүмүүс хооронд хамгийн их асуудал үүсгэж байдаг юмны нэг нь “Омог бардам зан”. Омог бардам зан хааяа хэрэгтэй нь ойлгомжтой. Өөрийгөө үнэлж хүндэлж яваа хүнд өөртөө итгэлтэй байх нь хамгаас чухал. Гэтэл өөртөө итгэлтэй байдал гэдэг маань омог бардам зантай ижил төстэй ойлголтыг хүмүүст төрүүлэх нь ч энүүхэнд. Үнэндээ омог бардам зан, өөртөө итгэлтэй байдлаас ялгаатай.

Өөртөө итгэх итгэлийг хүмүүс омог бардам зан шиг төөрөг ойлгодог. Энэ хоёрын хоорондох ялгаа нь асар том, гарал үүсэл нь ч шал өөр. Ялгаа нь юундаа байна?

Омог бардам зан чанарыг гаргах хүний хөдөлгөгч хүч нь гадны хүчин зүйлээс үүддэг. Дийлэнхдээ хүмүүс юу гэж хэлэх бол гэснээс үүдэж гарч ирдэг. Хүмүүст таалагдахын тулд, бусдын дор орохгүйн тулд өдөөгдөж гарч ирдэг. Тийм ч учраас тэд бардам зангаар өөртөө итгэлтэй байдлаа харуулдаг.

Харин өөртөө итгэх итгэлтэй хүний хөдөлгөх хүч нь дотоод хүчин зүйлээс үүддэг. Ялангуяа өөрийн зорилго, хүсэл мөрөөдөл, гал халуун тэмүүллээс үүдэж бий болдог. Тийм ч учраас тэд мөрөөдөлдөө, хийх гэж буй ажилдаа, өөрийн үзэл бодлыг байнга шалгаж, өөртөө итгэх итгэлээ лавшруулан нягталж хөдөлдөг.

Бардам зан гаргаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар нэгэн талаараа сул дорой байгаад, түүнийгээ бусдын нүдэнд илрэхээс айх маягтай, далдлан нуух шинж чанарыг агуулж байдгаараа асар том эмзэг шинж чанарыг илэрхийлдэг. Омог бардам зангийн тэр эмзэг байдлын ард өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл дутагдаж байдаг.

Та бид бүгд дотроо бардам зан чанарыг агуулж байдаг. Монгол улсын ерөнхийлөгч ч бай, тэнд тоглож яваа жаахан охин ч бай бүгд бардам зан чанарыг дотроо агуулдаг. Гэхдээ бардам занг барьж хяналтандаа авч сурах нь хамгаас чухал. Бардам зангаас болж хичнээн алдартай амжилттай яваа хүмүүс ч харанхуй ангал руу унахыг бид олноор нь харсан. Омог бардам дээрэлхүү хүн ямар муухай ааш авирыг хүмүүст гаргаж байгааг ч та хараагүй биш харсан. Тэд өөртөө төдийгүй, өрөөл бусдыг асар ихээр хохироож гомдоож байгаагаа ч мэддэггүй түүндээ шаналан явах нь улам харамсмаар. Омог бардам хүн маш их стресс, уур уцаар, атаархал, гомдол зүхэлийг агуулж явдагийг ч дурьдахгүй байхын аргагүй.

Өөртөө итгэлтэй хүн бусдын хүч чадал үнэ цэнийг үгүйсгэх шаардлага байхгүй. Харин омог бардам зан бол бусдын байр байдал, нөхцөлтэй өөрийгөө харьцуулах харьцуулалтаас үүдэн өөрийнхөө байр суурийг бусдаас дээр тавих сэдлээс үүдэн гарч байна. Омог бардам зан бусадтай харилцах харилцаа, харьцуулалтаас үүсэн ундрах тал бий ч байж болох юм. Харин өөртөө итгэх итгэл заавал бусадтай харилцахдаа биш, хийх үйлдэлдээ агуулж буй дотоод нөөц бололцоог илэрхийлж байна. Үүгээрээ тэд хоорондоо асар том ялгаатай.

Омог бардам учраас хүмүүс бид бусдын үнэ цэнийг, бусдын чаддагийг үгүйсгэж алдаа гаргах нь бий.

Омог бардам учраас хүмүүс өөрийгөө дөвийлгөх гэж бусдын үзэл бодлыг буруутган тоомжиргүй зан гаргах нь бий.

Омог бардам учраас бид хайрлуулж чаддаггүй, бусдыг хайрлаж ч чаддаггүй.

Омог бардам учраас л бид гаргасан алдаагаа нуух гэж маск зүүдэг.

Омог бардам учраас л бид уучлалт гуйхаас айдаг. Уучлалт гуйчихвал энэ хүн миний дээр гарчихна гэхээс л эмээнэ.

Тэвчишгүй хэцүү зүйлийг тэвчих

Хүн тэвчихээргүй зүйлийг тэвчээд гүрийгээд байна гэдэг бас л биширмээр зан боловч, бардам зан бидэнд амьдралдаа заавал дайрч туулаад байх албагүй асуудал бэрхшээлийн дунд амьдраад шаналсан атлаа гүрийгээд байх тийм ноцтой сэтгэл зүйн нөхцөлийг бүрдүүлдэг. Тэвчихгүй зүйлийг тэвчинэ гэдэг нь мундаг юм шиг атлаа, мунхагийн бас шинж. Сайн талаас нь биш үүний сул талыг би одоо харж харахыг тань сануулж байна.

Та мэдэж байгаа, Монголын нийгэмд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл, эхнэр нөхрийн хооронд шударга бус эрх тэгш биш байдал маш ихээр давамгайлдаг. Та нөхөр нь гадуур хүүхэнтэй явалдсан атлаа гэртээ хүрч ирээд ичих ч үгүй эхнэрээ гэм хийсэн хүн шиг хоол муу хийдэг, сексэндээ муу гэх мэт аар саар зүйлээр гутаан доромжилж байхыг олноор нь харсан, бас сонссон. Эхнэр нь үүнийг хүлцэн тэвчиж явах нь бас л энгийн шахуу болсон үзэгдэл. Хүйсний тэгш эрх гэх мэтээр хүмүүс тайлбарладаг л даа. Хүйсний тэгш эрх үүнд нөлөөтэй гэдгийг үгүйсгэхгүй. Үүнээс гадна энэ нь эхнэрийн дотор байгаад байдаг тэр бардам зан маань асар ихээр гэмтэж шархадсан ч, хичнээн олон жилийн зүтгэлээр бий болгосон бүхнийгээ алдахаас айлгаж, энэ гэр бүлийн харилцаа үнэ цэнэтэй шүү гэдгээ батлахын тулд дахин дараагийнхаа шархыг хүлцэн тэвчих нөхцөл рүү түлхдэг. Бардам зан байгаа орчин нөхцөлийг бодитоор нь хүлээн зөвшөөрөхгүй, нөхрийнхөө буруу үйлдэлийг зөвтгөх шалтгаануудыг олж харах гэж хичээдэг. Тиймээс бид буруу гэр бүлийн харилцааг үнэ цэнэтэй болгон зөвтгөх гэж  гүрийн тэвчдэг. Түүнийгээ зөв болгохын тулд хуурамч маск зүүж, бусдын өмнө сайхан гэр бүлтэй гэж харуулахын тулд ноцтой хүнд асуудлаа ч шийдэж чадахгүй болтолоо нуун дарагдуулдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүмүүсийн хоорондох харилцаанд бардам зан яг л иймэрхүү аргаар нөлөөлж, бидний дотроо чухалчилж үздэг үнэ цэнийг устгаж, айдас түгшүүрээр өдөр бүр хооллож эхэлдэг. Та миний юу хэлж байгааг маш сайн ойлгож авсан гэж найдаж байна. Бардам зангаа гээсэн үедээ л бид гэр бүлийн жинхэнэ үнэ цэнийг бүтээж, өөрийн амьдралын аз жаргалыг хиргүй буртаггүй таашаалаар бүрдүүлж эхлэх эрхийг олгодог.

Тэвчишгүй хэцүү шударга бус зүйлийг тэвчээд байх шаардлага танд байхгүй. Өөрийгөө хайрла. Амьдрал танд үүнээс илүү сайн сайхныг бэлэглэж чадна. Энэ асуудлаас гарах арга нь БАРДАМ ЗАНГАА хаяж эрүүл сэтгэх эрх чөлөөг өөртөө олгох.

Атаархал хардалтанд хөтлөгдсөн бодол

Нөхрөө хардсан эхнэрүүдийн, эхнэрээ хардсан эрчүүдийн дуусашгүй маргаан хэрүүлүүд энд тэнд сонсох нь олонтаа. Хардалт, атаархалын ард бас л нөгөө бардам зан гол роль үүргийг гүйцэтгэдэг. Хайртай хүн нь хаа нэг газар өөрөөс нь хол юу хийж яваа бол гэдэг бодол тэднийг хоргооно. Ийм бодлоос эхэлсэн хардалт цочмоор аймшигтай ааш авир гаргахад ч түлхдэг. Хань чинь хаалгаар орж ирсэн мөчийг хүртэл өөрийн эрхгүй татагдаад байгаа энэ бодолдоо төөрөх зууртаа ардуур чинь тавьж яваа гэж бодохоос л аймшигтай хар дарах нь энүүхэнд. Нэгэнт л ийм хар дарсан бодлууд таны тархинд эргэлдээд эхэлсэн л бол хайртай хүн чинь цэвэр ариун байсан ч үнэн гэж итгэхэд улам л хэцүү болно.

“Тэлсэн оюун ухаан буцаж агшдаггүй.” хэмээн Алберт Эйнштэйн хэлсэн байдаг.

Таны оюун ухаан нэгэнт л болоогүйг болсон юм шиг харж төсөөлж түүнээсээ үүдэн өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг жигүүрлэж эхэлсэн л бол бодит байгаа байдлыг харж чадахгүй харанхуй мухар руу хөтлөгдөх нь бий. Бэрхшээл ба Боломж гэж олон дахин ярьдаг, бид юунд оюун ухаанаа гүн төвлөрүүлнэ, түүнийгээ л олж хардаг. Түүндээ тохирсон үйлдэлүүдийг л хийхэд бэлхэн байдаг. Бэрхшээлд бүх анхаарлаа төвлөрүүлсэн хүн бэрхшээлээ огт байхгүй хий хоосон айдсаас бүтсэн гэдгээ ч мэдэхгүй, бэрхшээлийн оронд байрлаж байсан олон янзын сайхан боломжуудыг үгүйсгэж тэр бүү хэл тэр бүх боломжуудыг бэрхшээлийнхээ эргэн тойронд ашиглаж болохуйц хэрэгсэл болгон ашиглахаар л олж хардаг.

Хардалт, атаархал бол үнэндээ бэрхшээлийг улам ихээр нь дагуулан авчрах сэтгэл зүйн айдсыг төлөөлдөг. Айдсыг дагуулж байгаа тэр бүхний ард нөгөө л БАРДАМ ЗАН ноёрхож байгаа. Бардам зангийн эх үүсвэр нь бусад хүмүүсийг, гаднах нөлөөнөөс айсан айдасны л нэг хэлбэр. Хардалт, атаархалд хөтлөгдөж яваа хүн өөрөө хор уучихаад өрөөл бусдыг үхүүлэх зорилго өвөрлөхийн адил мунхаг сонголт. Хардалтаас гарах арга нь Бардам зангаа хая. Бардам зан таны дотор байгаа жинхэнэ үнэ цэнийг, гайхалтай хүсэл мөрөөдлийг тань хордуулж, таны хүсэл тэмүүлэлд гай болж байна.

Зөв байх гэсэн зүтгэл

Өөрийн гэсэн үнэ цэнийг өсгөх гэсэн оролдлого тэмүүлэл хүн бүхний дотор нуугдаж байдаг. Хийж байгаа зүйлдээ итгэлтэй байж, зөв байх гэсэн зүтгэл эрмэлзэлтэй байхыг ч буруутгахын аргагүй. Харамсалтай нь байнга зөв байх гэсэн тэр зүтгэл маань хүнийг мунхаглал руу хөтөлдөг. Бүх юмыг зөв болгох гэж тэмүүлэхийг та буруу гэж хэлэхгүй гэдгийг би сайн ойлгож байна. Үнэндээ зөв буруу гэдэг Монголчуудын ойлголт өнөөдөр биднийг асар их хэмжээгээр нь харанхуй болгож байгааг та анзаарсан уу? Бид нийгмээрээ л бусдыг шүүмжилж буруутгаж, яагаад ийм асуудал үүсчихэв гэх мэтээр марган мэтгэлцэж эхэлдэг. Энэ бас л нөгөө зөв байх гэсэн зүтгэлийн маань нэг хэсэг байгаа юм.

Хүмүүс зөв байхын тулд хамт ажилладаг хүнтэйгээ, даргатайгаа, ах эгч дүү нартайгаа, хамаатан садантайгаа, тэр бүү хэл хайртай хүмүүстэйгээ ч маргалддаг. Таны дотор байгаа хуурамч өөртөө итгэх итгэл мэт харагдаж буй Бардам зан л таныг энэ бүхнийг хийхэд хүргээд байгааг та анзаардаг уу?

Зөв байх гэдэг үнэндээ хоосон төөрөгдөл юм. Би танд энэ талаар цаашдаа нарийн ярилцах болно. Бардам зан таныг буруу байхаас айлгадаг. Бардам зан таныг ч, бусад хүмүүсийг ч буруу байна уу үгүй юу гэдэг шийдвэрийг гаргаж тэр олон янзын будилаан, хэрүүл маргааныг оргүй хоосноос бүтээж хийгээд байгаа болохыг та мэдээгүй ч байж болох юм. Тэгвэл яг одоо зөв байх гэж зүтгэдэг тэр БАРДАМ ЗАНГАА ХАЯ.

Гологдохоос айх айдас

Хүмүүсийг зовоож байдаг бэрхшээлүүдийн бас нэг том хэлбэрийн нэг бол гологдохоос айх айдас. Яах аргагүй гологдохгүй байхын тулд бид Бардам зангаар өөрийгөө чимдэг. Түүнийгээ бид өөртөө итгэх итгэл гэж андуурах нь ч бий. Гологдохоос айсандаа бид өөрийнхөө дутуу болгоныг олж харж, бусад хүмүүст таалагдах гэж хичээдэг. Бусдад таалагдахын тулд бид үнэтэй машин, хувцас, байшин авах гэж төлж дийлэхгүй мөнгийг ч өөрөөсөө шахаж шаардаж бухимдах нь бий.

Гоё машин унаж, тавтай тухтай орчинд амьдрахыг бол буруутгахгүй байна л даа. Харин энэ хүсэл таны өөртөө зориулж өөрийн хүсэл мөрөөдөл тэмүүллийн нэг биш, бусдын эдэлж хэрэглэж байгаатай харьцуулаад эхлэхээрээ л таны өөрийгөө үнэлэх үнэлэмж, энэ зүйлээр орж ирдэг чин сэтгэлийн тааламжийг устгаад зогсохгүй, ямар ч гоё үнэтэй эд зүйл байсан хамаагүй зөвхөн гологдохоос айсан айдас л таныг жолоодох тэр чиг рүү шилждэг. Тэгээд ирсэн үедээ эдгээр эд зүйлс ч бай, таныг хайрладаг хүмүүс ч бай хамаагүй бүгд таны аз жаргалын эх үүсвэр болж чадахгүй. Гологдохоосоо айсан хүмүүсийн зүүдэг маск ямар харагддагийг та надаас ч илүү мэднэ. Магадгүй та өөрөө ч бас гологдохоосоо айсан маск зүүдэг байхыг ч үгүйсгэхгүй.

Хэрэв та бусдад таалагдах гэж хичээдэг, гологдохоос айдаг айдсаа гээж чадвал таны амьдрал ямар их аз жаргалаар дүүрдэг болохыг төсөөлж хэлэхийн ч аргагүй. Бардам зан хаягдсан тэр мөчөөс л та өөрийнхөө эвгүй байдалд орохоос айсан айдсаа гээж сэтгэл зүйн шоронгоос чөлөөлөгдөж чадна.

Бардам зангаа таньж, хянаж, ойлгож, түүнийгээ хэрэгтэй үедээ хаяж чадсан үед таны амжилт хүрээлэх нь дамжиггүй.

Хүмүүсийн хооронд үүсдэг, гэр бүлийн дотор гардаг өчнөөн төчнөөн алдааг бид омог бардам зангийн улмаас үүсдэгийг баталж болно. Омог бардам зангаа хаясан тэр мөчөөс л таны оюун санаа, сэтгэхүй эрүүлжиж, атаа жөтөөгүй, үзэн ядалтгүй, гомдол маргаангүй орчиныг бүтээж эхэлдэг. Омог бардам зангаа хаяарай! Таны амьдрал эрүүл сэтгэхүй, хайр сэтгэлээр дүүрэн байг!

Энэ нийтлэл таалагдсан бол бусад Монголчуудтайгаа хуваалцахаа бүү мартаарай! Монголчууд маань бардам зангаасаа болж бэрхшээл гайг татаж авчрах бус, Боломж амжилтуудыг татан авдаг байг!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>